Элэгний В вирусийн шинжилгээ

Яагаад элэгний В вирусийн шинжилгээ өгөх ёстой вэ?
Элэгний В вирус нь манай нийгмийн дунд нийтлэг байна. Архаг (урт хугацааны) элэгний B вирус нь элгийг гэмтээх болон элэгний хавдарт хүргэж болно.
Элэгний В вирустэй ихэнх хүмүүс өөрсдийгөө вирустэй гэдгээ мэддэггүй, учир нь элэгний вирустэй хүнд шинж тэмдэг илэртэл олон жил болдог.
Элэгний В вирустэй эсэхээ мэдэх цорын ганц арга бол элэгний В вирус илрүүлэх цусны шинжигээ өгөх бөгөөд энэ нь хурдан бас хялбар арга.

Энэхүү шинжилгээ нь танд дараах хариунуудын аль нэгийг хэлж өгнө:
•    Архаг элэгний В вирустэй ба эмчилгээ, сувилгаа хэрэгтэй
•    Элэгний В вирусийн эсрэг дархлаа хамгаалалт үүссэн ба дахин тус вирусаар халдварлахгүй
•    Элэгний В вирусийн эсрэг дархлаа байхгүй ба элэгний В вирусийн вакцин хийлгэх хэрэгтэй эсэхийг хэлж өгнө.

Хэрвээ танд дараах жагсаалтаас таарч байвал эмчдээ элэгний В вирусийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ тавиарай.
•    Элэгний В вирус элбэг тохиолддог оронд, жишээ нь Монголд төрсөн эсвэл амьдарч байсан бол
•    Гэр бүлийн хэн нэгэн нь элэгний В вирустэй, элэгний өвчтэй эсвэл элэгний хавдартай бол
•    Архаг элэгний В вирустэй хүнтэй хамт амьдардаг бол
•    Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол (бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох)
•    Эмнэлгийн эсвэл шүдний эмчилгээ ажилбарыг багаж тоног төхөөрөмжөө сайн ариутгадаггүй (цэвэрлэдэггүй) улс оронд хийлгэсэн бол
•    Шивээс хийлгэх, биеийн арьс цоолж ээмэг зүүх эсвэл зүү төөнүүр зэрэг ажилбар хийлгэсэн бол
•    Гадаадад эсвэл 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлж байсан бол.

Элэгний В вирусийн шинжилгээг хаана өгөх вэ?

Өрхийн эмч (GP)
Эмчдээ элэгний В вирусийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ тавиарай. Хэрвээ та Medicare карттай бол шинжилгээ үнэгүй.
Хэрвээ та Medicare картгүй, харин олон улсын оюутны эрүүл мэндийн даатгалтай (OSHC) бол элэгний В вирусийн шинжилгээ болон эмчтэй зөвлөх үзлэгийн төлбөрийн талаар урьдчилан мэдэж авах нь чухал. Даатгалаар үйлчилдэг зарим эмч, шинжилгээний газрууд элэгний В вирусийн шинжилгээ болон зөвлөгөө үйлчилгээг үнэгүй эсвэл арай хямдаар санал болгодог байж болно. Өөрийн даатгалын компанитайгаа эсвэл эмчтэйгээ (GP) холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Бүх цусны шинжилгээ таныг элэгний В вирустэй эсэхийг хэлж өгөхгүй. Танд элэгний В вирус бий эсэхийг мэдэхийн тулд эмч тань нарийвчилсан шинжилгээ хийх хэрэгтэй байдаг.

Элэгний клиникүүд болон нарийн мэргэжлийн эмч нар
Өөрт ойр элэгний В вирусийн шинжилгээ хийдэг эмч, элэгний клиникүүд болон нарийн мэргэжлийн эмч нарыг олохдоо Hepatitis NSW local service directory буюу орон нутгийн үйлчилгээний цэгүүд олох лавлахыг ашиглан олоорой.

Бэлгийн замын эрүүл мэндийн клиникүүд (Sexual health clinics)
NSW муж дах бэлгийн замын эрүүл мэндийн клиникүүд элэгний В вирусийн шинжилгээг сонгогдсон өвчтөнүүдэд үнэ төлбөргүй хийдэг бөгөөд, хялбар, бас нууцлалтай байдаг. Зарим клиникүүд Medicare карт шаарддаггүй ба хэрвээ та хүсэхгүй бол өөрийн жинхэнэ нэрээ хэлэхгүй байсан ч болно.

Аль бэлгийн замын эрүүл мэндийн клиник танд хамгийн тохиромжтой, хаана очиж үзүүлэх зэрэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Sexual Health Infolink –ийн 1800 451 624 дугаарт холбогдоорой.

Илүү ихийг мэдмээр байна уу?

“Элэгний В вирус буюу Гепатит В: Энэ зөвхөн таны бус танай гэр бүлийн асуудал” хуудсанд хандаж Монгол хэл дээр элэгний В вирусийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мөн Гепатитийн мэдээлэлийн утас болох Hepatitis Infoline- ий1800 803 990 дугаарт залгаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэрвээ Монгол хэлээр ярилцахыг хүсвэл орчуулгын үйлчилгээний 13 14 50 дугаарт залгаарай (үнэгүй).

FaLang translation system by Faboba